Голомт банкны тухай
Эрхэм хүндэт вэб сайтын зочин, гишүүн танаа! 

Голомт банк нь 1995 онд Монгол улсын анхны хувийн банк хэмээх тодотголтойгоор "Бодь интернэйшнл" группийн охин компани болон үүсгэн байгуулагдсан билээ. 2017 оны 11-р сарын байдлаар Голомт банкны нийт актив 5 их наяд гаруй төгрөг, харилцагчаас татсан эх үүсвэрийн хэмжээ 3 их наяд гаруй төгрөг, зээлийн багцийн хэмжээ 2 их наяд гаруй төгрөг болж өссөн ба санхүүгийн үзүүлэлтүүдээр зах зээлийн 20-иас 30 хувийг дангаар эзэлдэг Монголын 3 том банкны нэг юм.

Түүхийн 23 жилийн хугацаанд Голомт банк банк санхүүгийн түүхэнд шинэлэг бүхнийг анхлан нэвтрүүлэгч гэдгээр ялгарч, Монгол улсын хөгжилд хурд нэмсэн олон зүйлийг санаачлан тэргүүлж ирсэн. Хамгийн сүүлийн үеийн санаачлагуудаас дурьдвал: 

  • хуримтлалгүй иргэдийг хуримтлалтай болгох "Үндэсний хуримтлалын хөтөлбөр"-ийг амжилттай хэрэгжүүлж хуримтлалгүй байсан 60 мянган иргэнийг хуримтлалтай болгосон, 
  • Монгол улсын автомашины зах зээлд анхны Trade-in Finance үйлчилгээг хөгжүүлж, оношлогоо хийж баталгаа гаргасан автомашины ойлголтыг зах зээлд шинээр бий болгосон,
  • "ЗЭС", "ГАН" нэртэй дараа төлбөрт картуудыг зах зээлд брэнд болгон нэвтрүүлж, дэлхийд тэргүүлэгч Американ Экспресс байгууллагын цорын ганц карт гаргагч банк эрхийг хэрэгжүүлснээр кредит картын зөв хэрэглээний соёлыг бий болгоход хувь нэмэр оруулж байна.

Голомт банк нийгмийн хариуцлагын үйл ажиллагааныхаа хамгийн чухал зүйлийг "Харилцагчийн боловсрол" хэмээн тодорхойлж хэрэгжүүлдэг. Гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийн санаачлага, хувь нэмэртэйгээр бий болсон Монгол улсын анхны "Дэлхийн санхүүгийн түүхийн мүзэй", "Санхүүгийн философи" ном нь иргэд, харилцагчдын дэлхийн санхүүгийн зах зээл, түүний үүсэл хөгжил, өнөө бө ирээдүйг ойлгож таньж мэдэх гол хэрэгсэл болоод байна. Мөн түүнчлэн edu.golomtbank.com , ceonetwork.mn (sme.golomtbank.com –ийн шинэ хувилбар) вэб сайтуудаар иргэд, бизнес эрхлэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, бизнест хэрэгцээтэй зөвлөх үйлчилгээг хүргэж байна.  

Голомт банкны 84 хувийг эзэмшдэг толгой компани болох Голомт файнэншил групп ХХК нь хөрөнгө оруулалт, банк, даатгал, брокерийн компаниудыг эгнээндээ нэгтгэсэн санхүүгийн томоохон групп юм. Өнөөдрийн байдлаар Голомт банкны үлдэх 10 хувийг дэлхий даяар хөрөнгө оруулалтын менежмент, худалдааны үйл ажиллагаа явуулдаг Швейцарын хөрөнгө оруулалтын сан болох Swiss-MO Investment AG, 5 хувийг дэлхийн газрын тосны гурав дахь том тоглогч олон улсын корпораци Trafigura Beheer B.V. болон үлдэх нэг гаран хувийг голомт банкны ажилтнууд эзэмшиж байна.  

Хөгжлийн голомт эрхэмсэг оршихуй дор Голомт банкны 1800 гаруй ажилтан, албан хаагчид "Дэлхийн жишиг Монголын банк" алсын хараа 2020-г тунхаглаж, Монголчуудын буюу Голомтчуудын нэвтрүүлсэн тэргүүн туршлага, стандартаас дэлхий суралцдаг байх, олон зуун жилийн түүхийн тоосонд дарагдсан Монгол бахархлыг шинээр бий болгохоор зорилго шулуудан ажиллаж байна.

"Sharing is caring"… Голомт банкны удирдлага, албан хаагчид олон жилийн туршид олж эзэмшсэн мэдлэг, туршлага, стандарт, арга хэрэгсэлээ энэхүү (www.ceonetwork.mn) вэб сайтаар дамжуулан хуваалцаж байгаа нь бизнес эрхлэгч харилцагчдынхаа ирээдүйн амжилтанд өчүүхөн боловч хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. 

Хүндэтгэсэн, 
Хөгжлийн ГОЛОМТЫНХОН